2025 оны 5-р сарын 27
“Ондо” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулсныг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна. Шинэчилсэн Үйлчилгээний нөхцөл нь 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилж эхэлнэ.
Шинэчилэгдэх үйлчилгээний нөхцөл:
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр Хэрэглэгч “Ондо” ХХК / “Ондо” гэх/ болон түүний хамаарал бүхий компаниудаас санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Хэрэглэгч гэж энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахтай холбоотой холбогдох гэрээнд үйлчилгээ авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
1.3 Хуульд өөрөөр заагаагүй бол 14-өөс дээш настай иргэн Ондо-ийн дата үйлчилгээг өөрийн нэрээр бүртгүүлж, ашиглаж болно.
1.4 Хэрэглэгч ONDO.MN вэбсайт, ONDO аппликейшн /“Вэбсайт, апп” гэх/-д дараах үйлдэл хийх боломжтой байна.
1.4.1. Нэвтрэх;
1.4.2. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрөх;
1.4.3. Бүртгүүлэх;
1.4.4. Бүтээгдэхүүн, үйлчилгээ авах;
1.4.5. Урамшуулал идэвхжүүлэх;
1.4.6. Тухайн үеийн технологийн шийдлээс хамаарсан бусад.
1.5 Вэбсайт, апп-д байршуулсан аливаа урилга, санал, нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, идэвхжүүлэх, баталгаажуулах үйлдэл хийсэн нь Хэрэглэгч, Ондо болон Ондо-гийн хамаарал бүхий компаниудын Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Хоёр. Вэбсайт, апп-д нэвтрэх
2.1 Хэрэглэгч нь Ондо-гийн Вэбсайт, апп-д өөрийн и-мэйл хаяг эсхүл утасны дугаарыг оруулж гар утас, и-мэйл хаягт ирсэн 6 оронтой кодоор эсхүл технологийн шийдлээс хамааран өөрийн үүсгэсэн нууц үгээр нэвтэрнэ.
Гурав. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрөх
3.1 Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, аливаа хүлээн зөвшөөрөх үйлдэл хийснийг Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Ондо-той гэрээ байгуулсанд тооцно.
3.2 Ондо-гийн Үйлчилгээний нөхцөл, Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ, аливаа баримт бичгүүд нь Хэрэглэгч болон Ондо хоорондын бүхий л тохиролцоог илэрхийлнэ.
3.3 Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргах тохиолдолд Ондо-гийн дугаараас 6666, 1800-6666 дугаарт, бусад үйлчилгээ эрхлэгчийн дугаараас 1800-6666 дугаарт залгаж, эсхүл Ондо-д бичгээр мэдэгдэж хүсэлт гаргана.
3.4 Ондо нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.3-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж, санал гаргасан хэрэглэгчид мэдэгдэнэ.
Дөрөв. Хэрэглэгчийг бүртгэх
4.1 Ондо-гийн Вэбсайт, апп-аар дамжуулан санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахын тулд Хэрэглэгч дараах мэдээллийг өгөхийг сайн дурын үндсэн дээр зөвшөөрч байна. Үүнд:
4.1.1. Овог, нэр /хуулийн этгээд бол оноосон нэр/;
4.1.2. Регистрийн дугаар эсхүл иргэний бүртгэлийн дугаар;
4.1.3. Утасны дугаар;
4.1.4. И-мэйл хаяг;
4.1.5. Албан ёсны болон түр оршин суух хаягийн мэдээлэл;
4.1.6. Төхөөрөмжийн мэдээлэл;
4.1.7. Хуульд заасан бусад.
4.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4.1-д заасны дагуу өгсөн мэдээлэл нь тухайн Хэрэглэгчийн мэдээлэл мөн болохыг таних зорилгоор танилт нэвтрүүлэлтийн арга технологийг ашиглан баталгаажуулахыг Хэрэглэгч зөвшөөрч байна.
4.3 Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг Ондо-д мэдэгдэн өөрчлүүлнэ.
Тав. Төхөөрөмж түүнд тавигдах шаардлага
5.1 Хэрэглэгч нь Ондо-гийн үйлчилгээг авахын тулд дараах шаардлагад нийцсэн төхөөрөмжтэй байна. Үүнд:
5.1.1. Ярианы үйлчилгээ авах бол таны гар утас VoLTE дэмждэг байх;
5.1.2. Мессеж болон дата үйлчилгээ авах бол таны гар утас 4G/LTE дэмждэг байх;
5.1.3. Хэрэглэгчийн гар утас нь eSIM дэмждэг байх.
Зургаа. Бүтээгдэхүүн үйлчилгээ
6.1 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх үед Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Ондо-гийн сүлжээ орсон нутаг дэвсгэрт үзүүлж байгаа гэдгийг Хэрэглэгч ойлгон, энэхүү нөхцөлөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүлээн зөвшөөрч байна.
6.2 Ондо нь үйлчилгээний хамрах хүрээ, чанарыг тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж, шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээ, сүлжээ орсон байршлын өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар хүргэнэ.
6.3 Ондо нь Төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардсан тохиолдолд Үйлчилгээг хязгаарлах, зогсоох зэрэг хуульд заасан арга хэмжээ авч болно.
6.4 Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад Хэрэглэгчийн ашиглаж байгаа төхөөрөмжөөс шалтгаалан саатал, доголдол гарсан тохиолдолд энэ талаарх гомдлыг Ондо хариуцахгүй.
6.5 Ондо нь тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх тохиолдолд Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар мэдэгдэж, Үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлаж болно.
6.6 Хэрэглэгч дугаараа (сим) 90 хоногоос дээш хугацаанд ашиглаагүй буюу ямар нэг хэрэглээ хийгээгүй тохиолдолд Хэрэглэгчийн дугаар (сим), дата болон төгрөгийн үлдэгдэлтэй эсэхээс үл хамаарч устана.
Долоо. Дугаар
7.1 Хэрэглэгч нь иргэн бол өөрийн нэр дээр хамгийн ихдээ 5 /тав/ хүртэлх дугаар авч ашиглах боломжтой байна.
7.2 Хэрэглэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн бүртгэх бөгөөд хүсэлтэд дугаар ашиглах ажилтнуудын нэр, албан тушаалын жагсаалтыг хавсаргасан байна.
7.3 Ондо нь Үйлчилгээний нөхцөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах тохиолдолд Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар мэдээлэл хүргэнэ.
Найм. Урамшуулал
8.1 Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ урамшуулал зарлах эрхтэй бөгөөд тухайн урамшууллын тасралтгүй үргэлжлэх хугацаа нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмын хязгаараас хэтрэхгүй байна.
8.2 Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшууллын мэдээллийг өөрийн боломжит сувгаар нийтэд мэдээлэх бөгөөд тухайн урамшуулал нь урамшууллын нөхцөлд заасан хугацаанд хүчинтэй байна.
8.3 Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшууллыг Ондо-гоос тогтоосон хугацаанд ашиглаагүй тохиолдолд тус урамшуулал хүчингүй болно.
Ес. Төгрөгөөр цэнэглэх үйлчилгээ
9.1 Ондо-гийн Төгрөгөөр цэнэглэх үйлчилгээгээр цэнэглэсэн үнийн дүн тухайн дугаарын идэвхтэй хугацаанд ашиглагдах бөгөөд дугаар устсан тохиолдолд үлдэгдэлтэй эсэхээс үл хамаарч үлдэгдэл дүн устаж, буцаан олголт хийгдэхгүй.
9.2 Ондо нь Төгрөгөөр цэнэглэх үйлчилгээний төрлүүдэд өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллийг өөрийн боломжит сувгаар нийтэд мэдээлнэ.
Арав. Төлбөр тооцоо
10.1 Хэрэглэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр, тооцоог Ондо-гоос санал болгосон төлбөрийн сувгийг ашиглан төлнө.
10.2 Бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөгдөх татвар, хураамж багтсан бөгөөд р татвар, хураамж нэмэгдэх тохиолдолд Ондо нь тухай бүрд Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулна.
10.3 Хэрэглэгчийн худалдан авалтын НӨАТ-ын баримтыг Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ.
10.4 Хэрэглэгч нь и-мэйл хаягаа буруу бүртгүүлсэн, и-мэйл хаягийн өөрчлөлтийг Ондо-д мэдэгдээгүйн улмаас НӨАТ-ын баримтаа авч чадаагүй тохиолдолд Ондо нь хариуцлага хүлээхгүй.
10.5 Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөгдөх хүртэл Ондо нь үйлчилгээ үзүүлэхгүй.
10.6 Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 10.5-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
Арван нэг. Тусгай зөвшөөрөл
11.1 Ондо нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эрхэлж байна. Үүнд:
11.1.1. Мэдээлэл холбооны ярианы үйлчилгээ эрхлэх /яриа, мессеж, дата/;
11.1.2. Интернэтийн үйлчилгээ эрхлэх;
11.1.3. Радио давтамж ашиглах.
Арван хоёр. Оюуны өмч, барааны тэмдэг
12.1 Вэбсайт, апп болон түүний программ хангамж нь Ондо-гийн өмч байна.
12.2 Ондо-гийн нэр, лого, дизайн, холбогдох бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг, уриа нь Ондо-гийн өмч бөгөөд Ондо-гоос урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Арван гурав. Хүүхдийн порнографыг мэдээлэх
13.1 Нийгмийн хариуцлагын хүрээнд Ондо нь интернэтийн аюулгүй байдалд анхаардаг бөгөөд Хэрэглэгч нь цахим орчинд хүүхдийг садар самуунд ашигласан зураг, видео зэрэг хүүхэдтэй холбоотой хууль бус үйлдэл ажиглавал Ондо-д мэдэгдэх болон www.ekids.mn-ээр дамжуулан мэдээлэл өгөх эсхүл хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд холбогдож тус тус мэдээлэх боломжтой.
13.2 Хэрэглэгч хүүхдийг аливаа хэлбэрээр садар самуунд ашигласан буюу хүүхдийн порнограф агуулга бүхий зураг, видео дамжуулах, түгээхийг хориглоно.
Арван дөрөв. Зар сурталчилгаа
14.1 Хэрэглэгч Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж дараах агуулгатай зар сурталчилгааг түгээхийг хориглоно:
14.1.1 Аливаа этгээдийн бүтээгдэх, үйлчилгээг гутаан доромжилсон;
14.1.2 Монгол Улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон;
14.1.3 Төрийн тусгай алба хаагчийн дүрэмт хувцас, бэлгэдлийг дүрмийн бус, гаж хэлбэрээр ашигласан;
14.1.4 Үндэсний болон түүх, соёлын үнэт зүйлсийн бүртгэлд орсон урлагийн бүтээлийг гутаан доромжилсон;
14.1.5 Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан;
14.1.6 Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн.
14.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 14.1 дэх заалтыг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирол, зардлыг Хэрэглэгч дангаар хариуцаж, төлж барагдуулна.
Арван тав. Хариуцлага
15.1 Ондо нь дараах тохиолдолд Хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлах эрхтэй бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг Хэрэглэгч дангаар хүлээж, учруулсан хохирлыг барагдуулна. Үүнд:
15.1.1 Ондо-гийн сүлжээг ашиглан Ондо болон бусдын сүлжээ, серверт зөвшөөрөлгүй нэвтрэх, халдах оролдлого гаргах, хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар завдах, эсхүл хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
15.1.2 Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гуравдагч этгээдэд ашиглуулсан, зохих журмын дагуу ашиглаагүй, ажиллуулаагүй, нэвтрэх нэр, нууц үг, хэрэглэгчийн бүртгэлээ алдсан, задруулсан эсхүл хууль бус үйл ажиллагаанд ашигласан.
15.2 Хэрэглэгчийн Зүй зохисгүй хэрэглээ, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалсан үйлчилгээний доголдлыг Ондо хариуцахгүй.
15.3 Хэрэглэгч хязгааргүй хэрэглээний эрхийг “Зүй зохисгүй” хэрэглээ хийж ашигласан тохиолдолд, Ондо нь тухайн Хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлах, түр зогсоох, эсвэл бүрэн хаах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.
15.4 Зүй зохисгүй хэрэглээ гэдэгт Хэрэглэгч хувь хүний ердийн хэрэглээнээс хэтэрсэн буюу богино хугацаанд их хэмжээгээр текст болон дуут мессеж илгээсэн, дата дамжуулсан, ашигласан, гар утас, төхөөрөмж, сим картад нэмэлт програм хангамж суулгасан, сим картыг бусад төхөөрөмжтэй холбож ашигласан, сим картыг дотуур холбооны зориулалтаар ашиглах зэрэг (үүгээр хязгаарлагдахгүй) хэрэглээг ойлгоно.
15.5 Ондо нь Хэрэглэгчийн үйлдэл нь зүй зохисгүй хэрэглээнд хамаарах эсэхийг дангаар тогтоох эрхтэй.
15.6 Хэрэглэгч нь eSIM болон биет симээ гуравдагч этгээдэд ашиглуулсан, гуравдагч этгээдийн программ, үйлчилгээг татаж хууль бус зорилгоор ашигласан, хэрэглэснээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирол, зардлыг дангаар хариуцна.
15.7 Ондо-гийн сүлжээний хамрах хүрээнээс газар зүйн хувьд алслагдмал, газар дор байрлалтай, эсхүл тусгаарлагдсан орон зайд Ондо-гийн сүлжээ доголдож болох бөгөөд үүнтэй холбогдон үүсэх аливаа хохирлыг Ондо хариуцахгүй.
15.8 Газар хөдлөлт, аянга цахилгаан, үерийн гамшиг, шуурга, байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйл болон гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, гэнэтийн нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, хязгаарлалт, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт их ачаалал, доголдол, зэрэг Хэрэглэгч болон Ондо-гийн хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан Ондо гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Ондо хариуцлага хүлээхгүй.
15.9 Хэрэглэгч eSIM, биет сим болон eSIM, биет сим ашиглах төхөөрөмжийг алдсан тохиолдолд Ондо-гийн дугаараас 6666, 1800-6666 дугаарт ,бусад үйлчилгээ эрхлэгчийн дугаараас 1800-6666 дугаарт мэдэгдэж үйлчилгээг хаалгана. Үүнээс үүдэн гарах хариуцлагыг Хэрэглэгч дангаар хүлээнэ.
15.10 Ондо эсхүл Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон гэрээнд заасан үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд буруугүй талын санаачилгаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг буруутай талаас арилгахыг шаардах эрхтэй.
Арван зургаа. Гомдол, маргаан шийдвэрлэх
16.1 ХэрэглэгчОндо-гийн Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг info@ondo.mn цахим шуудангаар, Ондо-гийн дугаараас 6666, 1800-6666 дугаарт, бусад үйлчилгээ эрхлэгчийн дугаараас 1800-6666 дугаарт, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп, Нью Хоризонс оффисын 201 тоотод шуудангаар хүргүүлж эсхүл биечлэн ирж шийдвэрлүүлж болно.
16.2 Хэрэглэгч болон Ондо-гийн хооронд маргаан гарсан тохиолдолд маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан, Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
ХЭРЭГЛЭГЧ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ ОЙЛГОСОН БӨГӨӨД БҮХ НӨХЦӨЛИЙГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.
ONDO – Чиний тал