2024 оны 6-р сарын 04
Энэ оны 3-р сард Монголын анхны сансрын технологийн хувийн компани Ондо Спэйс нь юмсын интернетийн туршилт явуулах зорилготой хоёр ширхэг 0.5U ангиллын хиймэл дагуулыг АНУ-аас хөөргөсөн. ONDOSAT-OWL-1, ONDOSAT-OWL-2 нэртэй тус хоёр хиймэл дагуул задгай сансрын 550км-ийн өндөрт тойрог замд ажиллаж эхэлснээс хойш техникийн бүх туршилтууд амжилттай болсон хэмээн тус компанийн Технологи Хариуцсан Захирал (CTO), сансрын технологийн доктор Д.Амартүвшин мэдэгдлээ.
Ингэснээр мал амьтан, хөдөлгөөнт төхөөрөмжийн байршил, төлөв тогтоогч төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлэх ажил эхэлсэн бөгөөд тэргүүн эгнээнд огт сүлжээгүй газар мал сүргийн бодит байршлыг тогтоох мөн том оврын тээврийн хэрэгсэлд зориулсан холын зайн тээврийн хяналтын үйлчилгээг арилжаанд нэвтрүүлэх зэрэг багтана. Уг үйлчилгээнүүд нь зөвхөн Монгол Улсын газар нутаг дээр эхний ээлжинд хэрэгжих ба цаашид олон улсын зах зээлд шууд экспортлох боломжтой юм байна.
Сансарт өөрсдийн хиймэл дагуулын системээ амжилттай ажиллуулсан учир Япон, АНУ, Солонгос зэрэг улсуудын сансрын технологийн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлж, өөрсдийн зохион бүтээсэн системээ олон улсын компаниудад санал болгож эхэлжээ. Үүнд хиймэл дагуул бүтээж өгөх, бусдын арилжааны зорилготой хиймэл дагуулыг хамтран хөөргөх, газрын станцийн үйлчилгээ үзүүлэх зэрэг багтах юм.
Ондо Спэйс нь 2024 оны 10 сард дараагийн ээлжийн 10 ширхэг хиймэл дагуулаа нэмж хөөргөхөөр SpaceX компанийн Райдшэйр компани болох ЭксоЛаунчтай хөөргөлтийн гэрээг нэмж байгуулсан ба ирэх 2025 оны онцлох шийдлээрээ хиймэл дагуулаас гар утасруу шууд холбогдох технологийн туршилт хийх зориулалттай 6U ангиллын хиймэл дагуул мөн юмсын интернетийн 20 ширхэг хиймэл дагуул нэмж хөөргөхөөр хөгжүүлэлтийн ажилдаа оржээ. Ингэснээр эхний ээлжинд 2025 аас 2026 онд ОНДО компанийн үүрэн холбооны хэрэглэгчид сансрын сүлжээ (Direct2Cell) ашиглан огт газрын сүлжээгүй газраас мэссэж илгээх мөн хүлээн авах цаашлаад дуудлага орох боломжоор хангагдах юм байна. Ондо Спэйс Компани нь 2027 гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөжээ.