2023 оны 11-р сарын 13
ONDO компани дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжтой VoWifi үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлснээ Youth Conference арга хэмжээний үеэр зарлалаа.
VoWiFi нь дуу хоолойг WiFi-аар дамжуулах гэсэн үгийн товчлол бөгөөд VoLTE буюу Voice over LTE-ийн нэмэлт технологи юм. Өөрөөр хэлбэл интернэт сүлжээнд дуу хоолой дамжуулах үйлчилгээ. Энэхүү технологийг ашиглах боломжийг Монголдоо хамгийн түрүүнд ONDO та бүхэнд олголоо.
Уг технологи нь хэрэглэгчдэд сүлжээ муу газар, байшин дотор бүр эсвэл гадаад оронд байхдаа ч дуудлага хийх боломжийг олгоно. Энгийнээр тайлбарлавал та дэлхийн хаа нэгтээ явж байхдаа Wifi-д холбогдож, интернэт ашиглаж л байгаа бол Монгол руу дуудлага хийхэд асуудалгүй болж байна. Цойлогсоз залуусын хөдөлгөөний зохион байгуулдаг Youth Conference-ийн тайзан дээр ONDO комапанийн гүйцэтгэх захирал Б.Мандуул АНУ-ын Калифорни мужруу Google-ийн ахлах инженер Б.Баттулга /ONDO компанийн үүсгэн байгуулагчдын нэг/ болон Увс аймгийн Улаангом хотод байгаа ONDO-гийн хэрэглэгчтэй дуудлага хийж, туршиж үзүүллээ.
Ямар нэг апп ашиглан интернэтээр дуудлага хийхээс ялгаатай, давуу тал нь ямар ч хоцрогдол, гацалт байхгүй яг дэргэд байгаа мэт, өндөр чанартайгаар дууг дамжуулдгаараа VoWifi технологи онцлог юм.Зөвхөн public wifi гэлтгүй дэлхийн аль ч улсын ямар нэг операторын мобайл дата буюу ямар нэг төрлийн интернэт сүлжээнд байгаа л бол ONDO-гоороо дуудлага хүлээн авч, хийх боломжтой. Дуудлага хүлээн авагчийн утас 2G, 3G, 4G LTE ямар сүлжээнд байгаа эсвэл утас нь VoWifi дэмждэг эсэхээс үл шалтгаалан ярих боломжтой. ONDO-гийн дугаарууд одоогоор сүлжээндээ үнэгүй ярьж байгаа учир VoWifi ашиглан гадаадруу үнэгүй дуудлага хийнэ гэсэн үг юм.
VoWiFi бол VoLTE-гийн нэмэлт технологи учир мэдээж VoLTE дэмждэг төхөөрөмжөөс wifi дуудлага хийх боломжтойг сануулъя. Одоогоор Монгол улсын хэмжээнд зөвхөн iOS17 үйлдлийн системийг суулгасан, iPhone XS-ээс хойших загварын утаснууд дээр ашиглах боломжтой.
VoWiFi-г ашигласнаар өндөр өртөгтэй радио хандалтын сүлжээ, (RAN) дэд бүтцийг бий болгохгүйгээр, роумингийн нарийн төвөгтэй гэрээ хэлэлцээр хийхгүйгээр хамрах хүрээ, үйлчилгээгээ хурдан бөгөөд хялбархан тэлэх боломжийг олгож байгаа юм.
Youth Conference арга хэмжээний үеэр дуулгасан бас нэгэн мэдээ бол ONDO.mn 2.0 байлаа. ONDO-гийн бүх үйлчилгээг online-аар авах боломжтой ба тэд үйлчилгээний чанараа сайжруулж, хэрэглэгчдэд улам хялбар, ойлгомжтой байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийн тулд ийнхүү вэб сайтдаа сайжруулалт хийгээд байгаа ажээ.