2023 оны 8-р сарын 11
Харилцаа холбоо, технологийн салбарт шинэ уур амьсгал, соёлыг түгээж, хэнийг ч ардаа үлдээхгүй, тэгш боломжийг түгээх зорилготой ОНДО ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Б.Мандуул 2023 оны 5 сарын 1-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Б.Мандуул нь тус компанийн Маркетинг, Олон нийттэй харилцах газрын захирлын албыг байгуулагдсан цагаас нь хойш буюу 2 жилийн турш хашиж, Ondo брэндийн нэр, өнгө төрхийг бий болгохоос эхлээд зах зээлд нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан юм. Старт-ап бизнес хөгжүүлж эхлэн ажлын талбар дээр анх гарч, SBL Хасын Хүлгүүд багийн туслах дасгалжуулагч, Монгол улсын Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Сагсанбөмбөгийн холбоонд Мэргэжлийн зөвлөлийн дарга, Монгол телевизэд хөтлөгч, контент маркэтингийн менижер гэх зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байсан туршлагатай залуу үеийн төлөөлөл билээ. Шинэ Гүйцэтгэх Захирлын ур чадвар, арга барил, өмнөх ажлын туршлага, эзэмшсэн мэргэжил нь багийн ажиллагааны уялдаа холбоо, хэрэгцээтэй шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлөн, ONDO-гийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлрүү нэвтрэх зорилгодоо хүрэх гол түлхэц болж, Монгол инженерүүдийн ур чадвараар O-RAN стандарт дээр тулгуурлан бүтээж буй технологийг олон улсын харилцаа холбооны зах зээлд нийлүүлэх, технологийн дэвшлээр дамжуулан Монгол Улсын иргэн бүр үр ашгийг нь хүртэх боломж, замыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. ONDO брэнд нь одоогоор 300 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгч, 160 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болоод байгаа юм.