2023 оны 8-р сарын 04

ONDO дугаар худалдаанд гарахаар боллоо

Үүрэн холбооны шинэ оператор ОНДО ХХК (14300010 дугаартай телефон ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй) дугааруудаа худалдаанд гаргахаар боллоо. Дугаарын худалдаа 6 сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд ONDO.mn вэбсайт дээр худалдаалагдах юм.

Дугаарыг дуудлага худалдаа хэлбэрээр борлуулах бөгөөд бүх дугаар дээр 0₮-өөс эхлэн үнэ хаялцах юм. Дуудлага худалдаа хамгийн багадаа 1 цаг, үнэ өсгөж байгаа тооноос хамааран 4 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Цаг дуусахад хамгийн өндөр санал өгсөн хүн тухайн дугаарыг эзэмших эрхтэй болно. Дуудлага худалдаанд 18-аас дээш насны, Монгол улсын иргэн болох хүссэн хэн ч тухайн дуудлага худалдаанд онлайнаар оролцох боломжтой.

Иргэн ONDO.mn вэбсайтад бүртгэл үүсгэж, 22’000 төгрөгийн үнэтэй TRYME багцыг авснаар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болох юм. Оролцогч 1 сая хүртэлх төгрөгөөр үнэ хаялцах тохиолдолд дэнчин байршуулах шаардлагагүй бөгөөд хэрэв 1 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр үнэ хаялцах бол үнийн дүнгээс шалтгаалан 1 сая, 5 сая, 10 сая төгрөгийн дэнчин байршуулна.

Мөн 1 сая хүртэлх үнийн дүнтэй явагдаж байгаа дуудлага худалдааны үнийг хамгийн багадаа 5’000 төгрөгөөр, 1 саяас 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнд хамгийн багадаа 50’000 төгрөгөөр, 10 саяас дээш үнийн дүнд хамгийн багадаа 500’000 төгрөгөөр нэмж дуудах боломжтой. Харин үнийн дүнг хамгийн ихдээ 2 дахин нэмж дуудаж болно.

Хэрэв та ONDO-ийн DATA сим ашигладаг бол тухайн сим дээрээ дугаараа холбох эсвэл шинээр сим авч ашиглах боломжтой.

ONDO-гийхон хамгийн боломжит өндөр хурдаар интернэтийг түгээх, телефон ярианы үйлчилгээнд сүүлийн үеийн технологи болох VoLTE-г нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

ONDO-гийн сүлжээ одоогоор зөвхөн Улаанбаатар хотыг 95 хувь хамраад байна. Сүлжээгээ тэлэх ажлыг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд 2023 оноос хөдөө орон нутаг болон бусад байршлуудад сүлжээ орох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ondo.mn facebook цахим хаягаар болон 72110101 утсаар эсвэл ОНДО ХХК-ийн оффис (СБД, 1-р хороо, Олимп, Нью Хоризонс оффисын 201 тоот)-д биечлэн ирж авах боломжтой.

Cанал болгох